АХБ, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслөөс Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах чиглэлээр 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
Энэхүү хөрөнгө оруулалтаас өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 397.0 сая төгрөгийн барилгын их засвар болон 785,4 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 ширхэг тоног төхөөрөмж болон 28,7 сая төгрөгийн өртөг бүхий видео ларингоскоп иж бүрдэл, яаралтай тусламжийн хэрэгсэл, амбу зэрэг 20 ш тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийн ачаар Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал олон улсын түвшинд нийцлээ.
Нэгдсэн эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын чадавхийг сайжруулснаар Монгол улсын өмнө тулгамдаж буй Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглаж байгаа багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгах нөхцлийг сайжруулж, үйлчлүүлэгчид аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөнөөр Баян-Өлгий аймгийн ард иргэдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, ард иргэдийн дунд цусаар дамжих халдварт өвчин дамжих эрсдэлийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.