Саяхан зохион байгуулагдсан инженерүүдийг чадавхжуулах сургалтын талаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн инженер А.Жансерик ингэж хэллээ. Тэрээр 2022 оны 12 дугаар сарын 8-12-нд болсон “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг чадавхжуулах шаталсан сургалт”-д хамрагдсан инженерүүдийн нэг юм. Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь“ төслийг 2022 оноос хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд уг сургалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Ассист Интернэшнл байгууллагатай хамтран явуулсан билээ.
Мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж байна
Миний бодлоор цаашид инженерүүдийг лаборатори, дүрс оношилгоо, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн чиглэл гэх мэтээр төрөлжүүлэн мэргэшүүлэн сургах шаардлагатай мэт санагддаг. Би өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцдаг. Хэдийгээр цалингийн хувьд тийм хангалттай биш ч инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн хүмүүс нутагтаа ажиллах хүсэлтэй байдаг. Гэхдээ төсөв мөнгөний хүрэлцээнээс болоод эмнэлэгт инженерийн орон тоо нэмдэггүй. Зарим аймагт Эрүүл мэндийн газартаа инженер, техникийн ажилтантай. Манай аймгийн хувьд байдаггүй. Тиймээс сумуудын эмнэлгээс эвдэрсэн, гэмтсэн тоног төхөөрөмжөө авчирч засуулах, заавар зөвлөгөө авах тохиолдол олон бий. Ирэх жил аймгийн Эрүүл мэндийн газар инженер авахаар төлөвлөж байгаа гэсэн. Манай эмнэлэг дээр инженерийн чиглэлээр сурч байгаа оюутнууд дадлага хийхээр ирнэ. Би тэдэнд өөрийн мэдлэг, туршлагаа байнга л хуваалцдаг. Эмч, сувилагч нар ажлын байрандаа тоног, төхөөрөмж ажиллуулж, харьцдаг. Тиймээс тэдэнд сургалт явуулж, заавар зөвлөгөө өгнө. Сургалтуудаас олж авсан мэдлэгээ ийм байдлаар бусадтайгаа хуваалцаж байна.
Багаж, хэрэгслийн багц чухал хэрэгцээтэй
Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт хэмжилтийн багажууд дээр хэрхэн ажиллах талаар багтсан. Хэрвээ ийм багажуудыг эмнэлгүүдэд өгвөл бид өөрсдийн засварласан багаж мөн шинээр ирж байгаа тоног төхөөрөмжийн хэвийн, зөв ажиллаж байгааг шалгах хэмжилтүүдээ хийгээд тоног, төхөөрөмжөө тохируулна. Одоохондоо зарим эмнэлгүүдэд байхгүй байгаа ч цаашдаа хангагдаад явах байх хэмээн итгэж байна. “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг чадавхжуулах шаталсан сургалт”-ын дараа төгсөгчдөд гэрчилгээ, механик засвар, үйлчилгээнд өдөр тутам хэрэглэх багажийн багц өгсөнд инженерүүд их баяртай байгаа. Энэ багажаа ямар ч байсан 3-5 жилдээ хэрэглэх байх гэж бодож байна. Эмнэлгээс багажийн хангамж тийм ч сайн биш. Түгээмэл хэрэглэдэг цахилгаан хэмжигч багажийг гэхэд л заримдаа хувийнхаа зардлаар авах тохиолдол бий. Инженерүүд бүгдээрээ нэг өрөөнд суудаг болохоор багажаа дундаа хэрэглээд засвар, үйлчилгээгээ хийдэг. Эх сурвалж: savethechildren.mn