Үйлчлүүлэгчийг анхан шатны эрүүл мэндийн
байгууллагаас лавлагаа шатлалд шилжүүлэхэд шаардагдах
“Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас АМ-13 А маягт”-ын тухай
ЭМС-ын 2021 оны А/813 тушаалаар “Эрүүл мэндийн байгууллага болон шатлал хооронд үйлчлүүлэгчийг шилжүүлэх журам”-ыг баталсан бөгөөд тухайн журмаар анхан шатанд буюу өрхийн эрүүл мэндийн төвд оношлох, эмчлэх боломжгүй эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ шаардлагатай үйлчлүүлэгчийг холбогдох лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэхдээ “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас АМ-13 А маягт”-г бүрэн бөглөж цаасаар болон цахимаар илгээх үйл явцыг зохицуулахаар заасан.
Тухайн АМ-13А маягтыг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд огт шаардахгүй бөгөөд амбулаториор эмчийн үзлэг хийлгэхээр илгээж байгаа тохиолдолд шаардахаар уг журамд тусгасан.
Иргэн, даатгуулагчид дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд лавлагаа шатлалд шилжүүлэх маягт шаардахгүй. Үүнд :
1. Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
2. Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ
3. Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ
4. Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ
5. Арьс, харшлын тусламж, үйлчилгээ
6. Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс
7. Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ
8. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
9. Сэргээн засах тусламж, үйлчилгээ
10. Амбулаториор хийгдэх мэс ажилбар
11. Нүдний тусламж, үйлчилгээ
12. Мэс заслын тусламж, үйлчилгээ
13. Диализын тусламж, үйлчилгээ
14. Амбулаторийн хяналтын үзлэг
Жишээлбэл : 1) Чих хамар хоолойн эмчид үзүүлэхэд 13А маягт шаардахгүйгээр шууд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад хандан үзүүлж болно гэсэн үг.
2) Амбулаторийн хяналтын үзлэг гэдэг нь эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 08 дугаар тогтоолоор баталсан, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмчийн тогтмол хяналтад байх шаардлагатай иргэний биеийн байдлыг хянах, эрүүлжүүлэх зорилгоор товлолт хугацаанд хийгдэж буй эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээг хэлэх бөгөөд илгээх маягт шаардахгүйгээр тухайн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Үүнд :
1. Халдварт бус өвчний хяналт-Бусад өвчнүүдийн хяналт
2. Халдварт бус өвчний хяналт -Хоол боловсруулах замын эмгэгийн хяналт
3. Халдварт бус өвчний хяналт -Дотоод шүүрлийн эмгэгийн хяналт
4. Халдварт бус өвчний хяналт -Зүрх судасны эмгэгийн хяналт
5. Халдварт бус өвчний хяналт -Хорт хавдрын хяналт
6. Халдварт бус өвчний хяналт -Сэтгэцийн эмгэгийн хяналт
7. Осол, гэмтлийн хяналт
8. Мэс заслын эмчилгээний дараах хяналт
9. Халдварт өвчний хяналт
10. Сүрьеэ өвчний хяналт
АМ-13А маягт шаардах тусламж үйлчилгээ :
1. Дотрын эмчийн үзлэг
2. Зүрх судасны эмчийн үзлэг
3. Хоол боловсруулах эмчийн үзлэг
4. Мэдрэлийн эмчийн үзлэг
5. Цусны эмчийн үзлэг
6. Дотоод шүүрлийн эмчийн үзлэг
7. Уушгины эмчийн үзлэг
8. Ревматологи эмчийн үзлэг /яс, үе мөч, булчин холбох эд/
9. Бөөрний эмчийн үзлэг
10. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг